Миний
Тухай
НОРОВЫНХОН

Найман хүүхэдтэй өнөр өтгөн айл. Том багагүй бүгд ажилсаг, сурлага сайтай, аав Норов, ээж Жигүүсэн нар нь хөдөлмөрч, амин тэжээлч, цэвэрч нямбай хүмүүс байсан болохоор ойр орчмынхон нь “Норовынхон”, “Норовын хүүхдүүд“ гээд андахгүй.
1989 оны зун хамгийн бага хоёр дүү нь болох Отгонбаяр өрх тэргүүлж, Наранцэцэг нь айлын гэргий болжээ.Хамгийн том ах Гомбодорж, эгч Буянжаргал хоёр нь насаараа худалдааны байгууллагад ажилласан хүмүүс.Дараагийн ах Баттогтох Одессын Политехникийн их сургуулийг компьютерийн инженерээр улаан дипломтой төгссөн.Удаах эгч Оюундэлгэр 1-р эмнэлэгт клиникийн эрхлэгч.Дүү Цог-Очир Германд компьютерийн програмаар төгссөн.Дүү Отгонбаяр нь Эрхүүгийн ХААДС-ийг улаан дипломтой төгсөж ирээд ХААДС-д багшилжээ.Хамгийн бага дүү Наранцэцэг нь Москвагийн Технологийн Их Сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр мөн л улаан дипломтой төгссөн байна.
Аав Б.Норов нь Худалдааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медальтан хүн. Мөн 1944-1948 онд баруун хил дээр, Байтаг богдод штабын бичээч хийж, цэргийн алба хааж, эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэсний учир “Бид ялав” медалиар шагнагдсан ахмад дайчин хүн. Хожим Худалдааны трестэд түүхий эдийн эрхлэгч хийж, ээж Жигүүсэн нь ногооны зооринд ажилладаг байжээ.Аав нь сонинд өгүүлэл, нийтлэл их бичдэг, хүмүүсийн Дээд шүүхэд давж заалдах өргөдөл бичиж өгдөг, бичгийн өндөр чадвартай хүн байсан байна.
Аав, ээж нь ажлыг хар бор гэж голдоггүй, “ажлын хүнд, дээлийн цэвэр нь” гэж үздэг, хүүхдүүдээ ажилд сургасан чамбай улс, юмхнаар юм хийхэд гаршсан айл. Зун аймгийн төвийн айл мөртлөө аргал түүлгэж түлнэ, аймгийн хэмжээнд төмрийн хаягдлыг гэрээрээ бэлдэж ачуулдаг, тухайн үед “хог” гээд тээршаадаг байсан машины радиаторыг тэд цуглуулж тушаан, гэр бүлийн санхүүгээ арвижуулдаг байлаа.
Аймгийн төвд битүү цас орсон байхад тэдний хашаанд л цас ороогүй юм уу гэмээр цэв цэвэрхэн байдаг санж. Хүүхдүүд хичээлдээ явахаас өмнө хашаа хороогоо цэмбийтэл цэвэрлэх ёстой, хичээлээсээ ирээд модоо хөрөөдөж, зууханд хийх хэмжээгээр хагална, нүүрсээ том жижгээр нь ангилж бэлэн болгоно, зөөврийн усаа хэмнэж, аяга, таваг угаасан усаа самбай /марль/ -гаар шүүгээд дээр нь ус нэмж, шалаа угаана гээд юмыг хэмнэх, хямгадах, болгох, бүтээх арга ухааныг багаас нь өвлүүлсэн айл.
“Алдарт эх”-ийн одон дагуулсан тав дахь хүү Алтантуяа (Алтанхуяг) ээжийнхээ тухай “Манай ээж хүүхдүүдээ онч үгээр сургадаг, зүйр цэцэн үгэнд нэвтэрхий, заримдаа өөрөө зохиож хэлдэг их хэлэмгий хүн байсан юм. Тухайлбал, “Залхуу хүн Завагтаа байгаа махандаа хүрэхгүй“, “Хүний морь унасан хүн бөхийж хатирна”, “Том толгойт хүнийг зарна, том хөлт хүнд зарагдана”, “Үнээний үсүү /сүү/-тэйг үхэхээр нь мэддэг”, “Буруу замаар олсон хоол бахлуур /багалзуур/ дээр тээглэнэ”, “Ухаантай хүн нэг заалгаад сурсныг усан тэнэг нэг насаараа сурахгүй” гээд олон үг нь одоо ч бидний дунд хэрэглэгддэг юм” гэж дурссан юм.
Эцэг, эхийнхээ ачийг дурсаж эдгээр онч үгс, мөн үе үеийн эрдэмтэн мэргэд, жирийн хүний оюунаар бүтсэн сургаалыг түүвэрлээд дүү Отгонбаяртайгаа хамтран, “Мөлжүүртэй үгс” номыг эмхтгэж гаргажээ.
… Олон хүүхэдтэй айлд, томынх нь хувцас багачуулдаа шилждэг ёс бий. Эднийхэн ч гэсэн ингэж л өсжээ.“Хувцас хуучин байж болно, хиргүй л байх хэрэгтэй” гэх ээж нь оёж нөхөөд, угааж цэвэрлээд өмсүүлдэг байв.
Тэднийхэн хамаатан саднаараа салхинд гарах дуртай.
СУРАГЧ НАС

Увс аймгийн төв Улаангом хотод Норовынх гэдэг айлд 5 дахь хүү нь гэртээ мэндэлж, эх барьсан “хүйс“ ээж нь “Алтантуяа” гэж энхэр нэр өгч, эцэг, эх нь зөвшөөрчээ.
9-10-р ангид орох намар, аав нь тарваганы бригадад дагуулж яваад калибр буугаа Алтантуяад шилжүүлснээр тарвагачин болж, гэр бүлийнхээ орлогод тус нэмэр оруулах болжээ.9-р анги төгссөн жилээ аймгийн аварга шалгаруулах тэмцээний 8000 метрийн кросст 2-р байр эзэлж улмаар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцжээ.Багаасаа гүйх, байнгын хөдөлгөөнтэй явах дуртай тэрээр хөнгөн атлетикийн улсын 2-р зэрэгтэй тамирчин.
Сургуулийнхаа шилдэг сурагч, сурлага хөдөлмөрөөр тэргүүлэгч Н.Алтантуяа. 6-р ангидаа Таван онцын /сурлага, хөдөлмөр, ариун цэвэр, сахилга бат, авьяас чадвар/ эзэн, 7-р ангидаа ном тэргүүний уншигч “Д.Нацагдорж” тэмдэгтэн болж, 10-р ангиа “Тэргүүний сурагч” алтан медальтайгаар төгсчээ.
Алтантуяа нь 8 тай сургуульд орохдоо аль хэдийнээ тоо бодоод сурчихсан байжээ.Аав Норов нь аймгийн Худалдааны трестэд ажилладаг, хүүхдүүдийнхээ хичээл номыг, ялангуяа тооны хичээлд их анхаарна.Ах, эгч нар нь толгой сайтай, ном их уншдаг, хичээлээ давтаж, бие биедээ зааж тусалдаг байсан нь жаал хүүд нөлөөлжээ.
7-р анги төгссөн зунаа тоосгоны заводад нэг сар тоосго цохих, машинд ачиж буулгах зэрэг ажил хийж, анхны цалингаа авч, түүгээрээ сурах бичгээ аваад ихэд урамшжээ.Дараа зун нь “Сүүж” нуураас давс гаргах ажилд явав.Нуураас шүүн гаргаж шуудайлсан 100 гаруй кг нойтон давс үүрээд, усан дээр тэгнэж тавьсан нарийн банзыг холбилзуулан, тэнцвэрээ олж явна гэдэг том хүнд ч ахдах ажил.
Тэр үеийнхээ амьдралын тухай ах Н.Баттогтох нь “Манай аав худалдааны техникум төгссөн, ээж 4-р ангийн боловсролтой хэдий ч амьдралын ухаанд үнэхээр төгс хүмүүс байсан юм.Ахлах ангид ороод бид зуны амралтаараа ажил хийж, хичээлийн хэрэгсэл, ном сурах бичгээ өөрсдөө авчихдаг болсон.Аав, ээжийн хөдөлмөрч зан Алтанхуягт илүүтэй өвлөгдсөн.Хүүхэд цагаасаа ажилд нухлагдсан, дадсан болохоор оюутан болоод САА-д төмс үүрэхэд гавшгайчуудын нэг нь болдог байлаа” гэж дурсаж байв.
Ээж, аав маань наймын найман хүүхдийг өлсгөж дааруулаагүй өсгөж, бүгдийг дээд боловсролтой болгосонд баярлаж бахархаж явдаг” /ах Баттогтох/
Тооны хичээлд ангийнхнаасаа тохой илүү Алтантуяа бусдадаа зааж зааварлах дуртай нэгэн байсанд ангийн багш нь тооных нь дэвтэрт “Биеэ битгий тоо” гээд биччихэж.Жаалхүү үүнийг “Биеэ битгий тоо” гэж ямар тоо байдаг юм бол гэж гайхаж байсан гэдэг.
“Физикийн хичээлд дуртай болоход манай ангийн багш Ганболд маань их нөлөөлсөн дөө.Физик гэдэг бол юмны мөн чанар, холбоо шүтэлцээ, учир шалтгааныг олуулж сургадаг шинжлэх ухаан”.
1976 онд Увс аймагт 10-р анги төгссөн 200-гаад хүүхдийг сурлагаар нь жагсаахад Алтантуяа 1-рт бичигдэж.Гадаадын сургуулийн 20-оод, дотоодын сургуулийн бүхий л хуваариас хүссэнээ сонгох боломж түүнд байв.Тэрээр МУИС-ийн физикийн ангийг сонгоход нь олон хүмүүс гадаадын хуваарь авахгүй яаж байгаа юм бол доо гэлцсэн байсан гэдэг.
ОЮУТАН Н.АЛТАНТУЯА

Физикийн ангид хамт суралцаж төгссөн найз, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл түүний тухай “Алтанхуяг ангийн дарга, онц сурлагатан. Манай ангийнхан өнөө хэр Алтанхуягт сайн байдаг.Ажил хэрэгч, даацтай, юманд бодитой хандахыг хичээдэг, шударга хүн.Аль наяад оны үед улстөр гээч юмыг ангидаа суугаад бид ярьдаг байсан.“Энэ намайг юу гэх бол, тэр яах бол” гэж бэмбэгнэж үргэхгүй, сүржигнэдэггүй хүн.Арьсаа хамгаалж худал хэлдэггүй, ер нь түүнийг элдэв юмаар айлгана гэвэл санасны гарз.гэсэн байдаг.
Багадаа нохой сургагч, жаахан том болоод нисгэгч болохоор бодож байсан Алтантуяа, физикч болохоор сонголтоо хийж, МУИС-ийн ФМФ-ийн физикийн ангийн оюутан болжээ.Оюутны анхны намрын ажлаар Жаргалантын САА-д 45 хоног төмс, байцаа, лууван хураалцаж ирээд оюутны дотуур байранд оров. МУИС-ийн Оюутны 1-р байрны 306 тоотыг “гэр”-ээ болгож, давхар цэрэг ор, ширээ сандал төдийхөнтэй товхинов. Төгрөг дөч /1.40¥/-ийн талхаа зургаа хуваагаад хольц ч, хоол ч болгодог байсан нэг тасгийнхан стипендээсээ хувь нийлүүлж хоолоо бэлддэг, хуваарь гаргаж тасгаа цэвэрлэдэг, сар сараар ээлжилж мөнгөө барьдаг байв.Тэрээр ангийн дарга хэмээх албан тушаалыг өас оюутан байхдаа хашаад авчээ.
Алтантуяа 5 жил МУИС-д сурах хугацаандаа 4 зун, 5 намрын ажилд явжээ.Зуны ажлаар Төв аймгийн Октябрийн САА-д шонгийн мод суулгаж цахилгаан татах ажил, Хэнтий аймгийн Мөрөн суманд сургуулийн дотуур байр барих, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд дунд сургуулийн байшингийн суурь цутгаж өрлөг хийх, Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт сургуулийн байшингийн суурь тавих ажлуудыг хийжээ.Оюутны 5 намраа Жаргалант, Октябрийн САА-д төмс, нарийн ногоо хурааж өнгөрүүлжээ.Оюутан ахуй цагийн хамгийн сүүлчийн намрын ажлыг бид “Алтан намар” гэдэг байсан.
Алтантуяа төгсөх ангидаа “Фотосинтезийн анхдагч процессын кинетикийн судалгаа” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн эзэн болж, алтан медаль хүртэж байжээ.Мөн 1979 онд, их дээд сургуулиудын дунд зохиогддог Орос хэлний олимпиадад 2-р байр эзэлж байжээ.
Сургуулиа төгсдөг жил Алтантуяа эмэгтэй нэрээ солихоор шийдэж аав, ээж рүүгээ хэлж “Алтан” болгож солихыг хүсчээ.Аав ээж нь лам багшаас асуугаад ардаа заавал дагавартай байх учиртай гээд “Алтанхуяг” болгон өөрчилжээ.Энэ нэр албан ёсоор МУИС-ийг онц дүнтэй төгссөн улаан диплом дээр анх бичигджээ.”23 настайдаа нэрээ сольсон.Яг тэр үед Гүррагчаа, Ганзориг хоёр сансарт нисэхээр болсон юм.Ганзоригийн нэр нь Ганхуяг байсан юм шүү дээ.Хуяг нь оросоор эвгүй сонсогдоод гээд Ганзориг болгочихсон юм гэсэн.Тэр “Хуяг” нь л надад ирсэн шиг байгаа юм” гэж хошигнож байлаа.
Их сургуульд орсон анхны жилийн Мартын 8-ны баяр болж, хамгийн олон ном уншсан эмэгтэй оюутныг шалгаруулж сургуулиас шагнахаар болжээ.Шалгаруулалтаа хийгээд, яг зарлах мөчид “Физикийн 1-р курсийн Алтантуяа…” гээд нэр нь гараад ирж гэнэ.Яг шагнуулах болоход манай декан сандарч “Хүүе, наадах чинь эрэгтэй хүүхэд” гэж залруулсан байдаг.
Тэрээр үргэлж ном шагайсан оюутан байсангүй.Эрдэм шинжилгээний ажил, спорт, гадаад хэл сонирхохоос гадна физик-математикийн факультетийн хөлбөмбөгийн багт тоглодог, хөнгөн атлетикийн 2-р зэрэгтэй тамирчин байжээ.
1981 онд МУИС-ийн багш болсон тэрээр оюутныхаа байранд үргэлжлүүлж 10 жил амьдарчээ.
БАГШ Н.АЛТАНХУЯГ
Сургуульдаа багшаар үлдсэн Алтанхуяг залуу багш Нямжав, Ганбат нартай хамтран оюутны сурах идэвх, бүтээлч үйл ажиллагаа, техникийн сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс “БОБД” /Бодъё, Оролдъё, Бүтээе, Дэлгэрүүлье/ клубыг байгуулжээ.
Төгсөлтийн баяраар биофизикийн тэнхмийн багш нар шавь нартайгаа.Тэр үед төгсөгчид Улаанбаатар ресторанд хоолонд дараа нь Лениний хөшөөний дэргэд зургаа татуулдаг “уламжлалтай” байж.Тэрээр Доктор, профессор Т.Гун-Аажавыг Монгол Улсын гавьяат багшын гарын шавь. Багшийнхаа тухай Н.Алтанхуяг “ Гун-Аажав багш маань намайг анх биофизикт хөтлөн оруулж, улмаар багш болгосон хүн дээ. Намайг 10 жил багшлахад жил бүр шинэ хичээлээр дарж шинэ мэдлэгийн төлөө завгүй ажиллуулж сургасан буянтай багшийгаа би ямагт хүндэлж явдаг юм…” гэлээ.
Н.Алтанхуягийг МУИС-ийн Физик-Математикийн факультет биофизикийн багшаар үлдэхийг урьжээ.Багш болсон Алтанхуяг оюутны 1-р байрандаа аж төрж, харин ч бүр “байрны багш” гэсэн цалингүй албатай болчихов.Оюутнуудаа зохион байгуулж, санаачлаад нэгэн цулгуйдуу өрөөг уншлагын заал болгож тохижуулсан нь одоо ч хэвээр үйлчилж байгаа гэсэн.Оюутнуудаа хариуцаад САА явна.Хэдий багш ч гэсэн залуу хүн юм болохоор ажлаараа уралдаж, шуудайтай төмс үүрээд л харайчихна.
Тэрээр багшлах хугацаандаа Москвагийн УИС, Хумбольдтын ИС-д мэргэжил дээшлүүлж судалгааны ажил хийж байжээ.
Н.Алтанхуяг: “Би эрдмийн жинхэнэ уурхай болсон МУИС-д суралцаж төгсөн, тэндээ багшаар ажиллаж байснаараа үргэлж бахархаж явдаг юм.
Н.Алтанхуяг МУИС-д багшлахын зэрэгцээ ХААИС, АУДС-д биофизикийн лекц уншиж, дадлагын хичээл орж байлаа.Н.Алтанхуяг багшлах хугацаандаа биологийн процессын термодинамик, биологийн процессын кинетик, биофизикийн математик загварчлал, молекулын биофизик, эсийн биофизик, нийлмэл системийн биофизик, математик биофизик гээд олон шинэ хичээлийг заадаг байж.

